måndag 3 maj 2010

Шүлгийн далд санааг утганд шингээхийн нууц



Хажууд нь байхад өндрийг нь мэддэггүй уулс байдаг. Алсаас харахад тэнгэр газрын магнайд сүрлэгээр орших ихэмсэг төрх нь нэг л гэгээтэй байдаг билээ. Үүн лугаа өдөр бүхэн хажууд нь байгаа хэрнээ, асууж лавлаж, үнэтэй үгийг нь анзаардаггүй хэрнээ холдоод явчихсан үед нь үгүйлэхийн дээдээр үгүйлэх ч тохиолдол байдаг буюу.

Учир нь С.Удвал, С.Эрдэнэ, С.Дашдооров, Б.Явуухулан, Б.Ринчин, Р.Чойном зэрэг үгийн “бурхад”-тай нэгэн цаг үед амьдарч, уулзаж учирч явсан хэрнээ халуун дотно яриаг нь тэмдэглэн авч чадсан нь чухам хэд болоо. Харин МЗЭ-ийн шагналт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа багшийн “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” хэмээх номонд манай утга зохиолын домог болсон нэрт уран бүтээлчидтэй сэрүүн тунгалаг ахуйд нь нүүр тулан халуун дотно яриаг нь тэмлэглэн авсан нь бид бүхэнд алтнаас үнэтэй цадиг юм. Энэ удаа манай сонин уран зохиолын булангаараа төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их найрагч Бэгзийн Явуухулантай, яруу найрагч Л.Нямаагийн хориод жилийн өмнө ярилцсан ярилцлагыг толилуулж байна. Бичгийн мэргэдийн бийрээр бичсэнийг, балтаар цавчсан ч үл арилахын нууц энэ буюу…

Б.Цэрэнжамц

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.ЯВУУХУЛАН

Монголын яруу найрагт уянга, уран дүрслэл, сэтгэлгээний томоохон шинэчлэл хийсэн дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан яруу найргийн төлөө төрсөн нэгэн байв. 1965 оноос хойш энэ их хүнтэй олон удаа уулзан учирч ухаалаг үгийг нь сонсон явсандаа бахархахаас өөр аргагүй.

1971 оны хавар Хэнтий аймагт С.Удвал, С.Эрдэнэ, Б.Явуухулан, С.Дашдооров нарыг урьтал тэд “Удвал даргыг унтаагүй байхад бид явж болохгүй” гээд 12 цаг болтол хүлээж С.Дашдооров, С.Удвал даргын өрөөний үүдэнд очиж чагнаад “Явахад аюулгүй” гэж айлдсанаар нэг нэгээрээ цувран гарч одов. Бид Ц.Сүхбаатарынд үүр цайтал сууж яруу найраг, уран бүтээлийн тухай хөөрөлдсөн юм. Ярианы маань гол сэдэв шүлгийн далд утгын тухай байлаа.

Б.Явуухулан:
-Шүлгийг далд санаатай бичихийн тулд их бодох учиртай. Юуг яаж үзүүлэх вэ гэдгийг тунгааж бичих нь чухал. Нийгмийн том санааг хүнд сурталтан дарга нарт сэжиг авахааргүй нууж бичихгүй бол “главлит” гэж нэг дайсны гарт шүлгээ алдаж Дотоод яаманд дуудагдах аюул тулгарна. Та нар миний “Удахгүй дээ. удахгүй” гэдэг цөөхөн бадаг шүлгийг уншаа биз дээ?

Удахгүй дээ, удахгүй үүр цайна, удахгүй
Уудам хорвоод наран мандана, удахгүй
Удахгүй дээ, удахгүй үүд тогшино, удахгүй
Учралт чи минь наддаа ирнэ, удахгүй.
Удахгүй дээ, удахгүй наран мандана, удахгүй
Ургах наран хорвоог гийгүүлнэ, удахгүй
Удахгүй дээ, удахгүй чи минь ирнэ, удахгүй
Ухаалаг чи минь ирж намайгаа жаргаана, удахгүй гэдгийн цаана нэг юм хэлээд байгаа биз? Энэ шүлгийг хүмүүс хайрын тухай шүлэг гэж ойлгоно. “Удахгүй” гээд ганцхан хэлж болно доо? Би яагаад “Удахгүй дээ, удахгүй” гэж хоёр давтав?… Учрыг нь та нар олоорой. Шүлгийг мэдрэх, ойлгох гэдэг бичихээс хэцүү шүү! гэж сургаж билээ.

Б.Явуухулан цааш нь :
-Манай яруу найрагчид шүлэг ойлгохгүй мөртлөө шүлэг бичдэг. Судлаач шүүмжлэгчид шүлгийн дотоод мөн чанарыг ойлгоогүй байж шүүмжлэх санаатай. М.Цэдэндоржийн “Болно, болно. болохгүй юм гэж орчлонд үгүй” шүлгийн гүн санааг судлаач шүүмжлэгчид ойлгоогүй байж шүүмжилчихсэн юм шүү дээ гэж харамсан ярьсан сан
Б.Явуухулангийн “Удахгүй дээ, удахгүй” гэсэн бяцхан шүлгийн агуу их санаа 1990 онд тайлагдав. Яруу найрагч маань монголчууд сэтгэлгээний эрх чөлөө эдлэх цагийг олон жилийн өмнөөс мөрөөдөн санагалзсан сэтгэлээ хайрын тухай шүлгэндээ нууж тунхаглажээ. Яруу найрагч “удахгүй” гэдэг үгийг 43 үгтэй шүлгэнд 16 удаа давтагдсанаараа эх орныхоо мандал бадрал хийгээд хүн төрөлхтний нийтлэг замаар явах сайн цагийг хүсэн хүлээж явснаа илэрхийлсэн гэж хэлж болмоор санагдана.

1977 оны 12 дугаар сарын сүүлчээр М.Цэдэндорж бид хоёр Явуухулангийнхаар оров. Явуухулан өгүүлрүүн:
-Бид Л.Түдэвийг Зохиолчдын хорооноос алдаад их хохирч байна. Д.Цэдэв утга зохиолд хайртай боловч хатуу шаардлага тавьж ажиллахгүй байна. ЗХУ-д Монголын уран зохиолын олон боть гаргах гэж байгаа. Наваансүрэн, Тарваа мэтийн хүмүүсийн муу зохиолыг чихэж оруулах гэнэ. Ингэж Монголын уран зохиолын нэрийг хугалж болохгүй. Зөвлөлтийн уншигчид их соёлтой уншигчид. Эднийг хүндэтгэж яруу найраг. үргэлжилсэн үгийн зохиолоор гуравхан боть л байхад болно шүү дээ гэв.

Тэгээд Цэрэндорж багшид:
-Цэрэндорж минь! Энэ муу сайнуудад өөчлүүлэхээр битгий яв гэж чин сэтгэлээсээ хэлэхэд Цэрэндорж багш:
-Явуу минь чи л биднийгээ авч явах ёстой шүү. Чамайгаа л түшиж явбал хол явна гэж билээ.
1979 оны 7 дугаар сарын эхээр Халх голын 40 жилийн ойд зориулсан уран үгсийн чуулганы үеэр Б.Явуухулан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн залуу зохиолчдод: -Та нарт Монголын уран зохиолын үүрэх ёстой ачааг чинь бид удахгүй өгнө. Яруу найргийг үнэнхүү хайрлан хүндэтгэж чөмгөө дундартал хөдөлмөрлөж чадсан чинь шүлэгч болно. Гурван аймгийн энэ олон залуус дундаас нэг л хүн яруу найрагч болоход биднйй зорилго биелнэ. Тэнгэрийн доор олон хүн шүлэг бичдэг, цөөхөн хэд нь жинхэнэ яруу найрагч болдог юм. Олон шүлэг бичиж олон ном гаргаснаараа яруу найрагч болохгүй. Цагийн шалгарлыг даахаар ганц номтой сонгодог шүлэгч байж болно шүү дээ. “Жинхэнэ яруу найрагч 10 мянган шүлэг бичиж, 10 шүлэг хэвлүүлдэг” гэж Германы сонгодог зохиолч Брехт хэлсэн юм шүү. Манайд 10-20 ном гаргаад яруу найрагч болоогүй хүмүүс бий шүү. Та нар тэдний замаар явж болохгүй. Усан шүлгийн үерээс яруу найргаа хамгаалж явах нь бидний үүрэг юм. Дорно, өрнийн сонгодог яруу найргаас суралцахын тулд шүлгийг зөвхөн унших бус, задалж судалгаа хийх хэрэгтэй. Мөн өвгөд хөгшдөөс үг дуулж, үеийнхээ найз нөхдөд бичсэнээ уншиж явах нь чухал. Би говийн аймгуудаар явж өвгөдийн үгийг сонсч “Янгир ингэж үхдэг юм” нэртэй дууль бичээд, судлаач шүүмжлэгч Д.Цэндэд уншсан юм. Цэнд шүлгийнхээ нэрийг “Тэхийн зогсоол” гэвэл зүгээр болов уу гэсэн. Би нөхрийн саналыг хүлээж авсан юм. Энэ дуулийн амин сүнс нь мөнхийн зогсоолдоо зогссон тэхийг хараад айлууд нүүхээ больж байгаа нь юм. Энэ бол монгол сэтгэлгээ, монгол философи. Шүлгийг авч явах амь санаа, амь мөр гэж байх учиртай шүү гэж захисан сан.

Миний тэмдэглэлийн дэвтэрт:
“Нямаадаа. Уран бүтээлийн их амжилт хүсье. Б.Явуухулан. 1979.7.5. Дорнод аймаг” гэж бичин үлдээсэн сэн.
Б.Явуухулан Монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргахыг зорьсон нэгэн байлаа. Дундаж шүлэг бичихийг өөртөө хийгээд өрөөлд үл зөвшөөрч, яруу найргийг сонгодог утгаар хэмжих чанд үнэлгээний тогтолцоо буй болгох гэж насан хутаг олтлоо зүтгэж, гэрэл сүүдэр дундуур туучиж өнгөрсөн билээ. Б.Явуухулан хэдэн боть болох олон шүлэг үлдээгээгүй ч цөөхөи шүлгээ цаасан дээр бус, чулуун дээр бичиж орхисон юм. Явуухулангийн шүлгээс тийм нарийн урлал, хөдөлмөр харагддаг. Түүний шүлэг бүрийг гантиг суваргатай зүйрлэвээс зохилтой. Нэг тоосго буюу нэг үг хасвал шүлэг нь шүлэг биш болно. Энэ нь шүлэг урлахуйн дээд бурханлиг уран чадвар юм. Явуухулан ийм л яруу найрагч байлаа.

Inga kommentarer:

Skicka en kommentar