måndag 3 maj 2010

Шүлгийн далд санааг утганд шингээхийн нууц



Хажууд нь байхад өндрийг нь мэддэггүй уулс байдаг. Алсаас харахад тэнгэр газрын магнайд сүрлэгээр орших ихэмсэг төрх нь нэг л гэгээтэй байдаг билээ. Үүн лугаа өдөр бүхэн хажууд нь байгаа хэрнээ, асууж лавлаж, үнэтэй үгийг нь анзаардаггүй хэрнээ холдоод явчихсан үед нь үгүйлэхийн дээдээр үгүйлэх ч тохиолдол байдаг буюу.

Учир нь С.Удвал, С.Эрдэнэ, С.Дашдооров, Б.Явуухулан, Б.Ринчин, Р.Чойном зэрэг үгийн “бурхад”-тай нэгэн цаг үед амьдарч, уулзаж учирч явсан хэрнээ халуун дотно яриаг нь тэмдэглэн авч чадсан нь чухам хэд болоо. Харин МЗЭ-ийн шагналт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа багшийн “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” хэмээх номонд манай утга зохиолын домог болсон нэрт уран бүтээлчидтэй сэрүүн тунгалаг ахуйд нь нүүр тулан халуун дотно яриаг нь тэмлэглэн авсан нь бид бүхэнд алтнаас үнэтэй цадиг юм. Энэ удаа манай сонин уран зохиолын булангаараа төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их найрагч Бэгзийн Явуухулантай, яруу найрагч Л.Нямаагийн хориод жилийн өмнө ярилцсан ярилцлагыг толилуулж байна. Бичгийн мэргэдийн бийрээр бичсэнийг, балтаар цавчсан ч үл арилахын нууц энэ буюу…

Б.Цэрэнжамц